news.mn    art.news.mn    google.com
2012 оны 12 сарын 08
Улирч буй онд хийгдсэн шилдэг 10 киног алдарт “TIME” сэтгүүл нэрлэжээ. Ингээд та бүхэнд өнгөрч буй жилийн шилдэг 10 киног таницуулъя.

10. The Invisible War

2012 оны нэгдүгээр сарын 20-нд Санденс кино наадамд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон энэхүү киног Кирби Дик найруулжээ. Мөн тэрээр зохиолыг нь бичсэн байна. Баримтат уран сайхын төрлөөр хийсэн энэхүү кинонд батлан хамгаалахын салбарт байгаа бэлгийн хүчирхийллийн тухай өгүүлсэн байна. Энэхүү кинонд конгрессын 8 гишүүн, тэтгэвэртээ гарсан батлан хамгаалахын удирдах ажилтнуудын яриаг оруулж өгчээ. Мөн бэлгийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтнүүд ч баримт дэлгэн ярьсан байна. Тус кинонд 1991 онд Тейхүүкийн шуугиан, Абердийний шуугиан, 2003 оны агаарын цэргийн салбарт гарсан шуугианы тухай түлхүү ярьжээ. 1991 оны Тейхүүкийн шуугиан нь хамгийн алдартай. 83 эмэгтэй, 7 эрэгтэй албан хаагчийг офицерүүд нь бэлгийн ажил хийлгэж, цалин хөлсийг нь өгдөг байжээ. Мөн дарамталж байсан нь ч тогтоогдсон юм. Өнгөрөгч зургадугаар сарын 22-нд албан ёсоор АНУ-д нээлтээ хийжээ.



9. Frankenweenie

Алдарт найруулагч Тим Бартоны 2012 онд хийсэн бүтээлүүдийн нэг нь Frankenweenie хүүхэлдэйн кино өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр АНУ-д албан ёсны нээлтээ хийжээ. 3D форматаар хийгдсэн энэхүү кино бүхэлдээ хар цагаан өнгөөр дүрслэгдсэн байдаг. Уг киног анх 1984 онд Тим Бартон богино хэмжээгээр хийж байсан бол энэ жил бүрэн хэмжээний хар цагаан, 3D кино болгон шинэчлэн хийжээ. 1818 онд Лондон хотод зохиогдсон Марк Шеллигийн Франкенштейн номноос санаа аван хийсэн энэ хүүхэлдэйн кино зохиолыг аль болох дэлгэцийн хэлбэрт оруулах гэж хичээсэн бөгөөд кинонд гардаг зарим үйл явдалыг нэмж дүрсэлсэн байна. Энэ хүүхэлдэйн киног Волт Дисней кино компани ивээн тэтгэж гаргасан юм. Энэ кино бокс оффисын зах зээлээс 66 сая доллар цуглуулж чаджээ. Frankenweenie киног шүүмжлэгчид дунд зэрэг хийгдсэн кино ч гэсэн дээр үеийн зохиолыг тэр чигт нь буулгах гэж оролдсоноороо алдсан гэж мэдэгдээд байгаа юм.



8. Dragon (Wu Xia)

Хонг Конгын алдарт найруулагч Петр Чены найруулсан энэ кино Хятадын зах зээлд өнгөрөгч 2011 оны долдугаар сард худалдаанд гарч байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сард АНУ-ын зах зээлд худалдаанд гарч шүүмжлэгчдээс багагүй магтаалын үг сонссон юм. Уг кино нь домгийн сэтгэлгээг тулааны урлагтай хослуулж, 1917 оны Хятадын тосгоны төрхийг харуулж, басхүү хайр, дурлал романсыг харуулж чадсанаараа шүүмжлэгчдээс магтаалын үг сонссон нь энэ. Энэ кино хятадын зах зээлээс нийт 30 гаруй сая долларын ашиг олж чаджээ.



7. Dark Horse

Тодд Солонзын найруулсанэ энэхүү кино анх 2011 оны есдүгээр сард Венецийн кино наадмын үеэр мэргэжилтнүүдэд анх удаа хүргэжээ. Хэдэн сарын дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард албан ёсны цацалтаа хийсэн байна. Уг кино нь 35 настай ч эцэг, эхтэйгээ амьдардаг, чихмэл тоглоом цуглуулах дуртай залуугийн тухай өгүүлнэ. Тэрээр нэгэн бүсгүйд ухаан алдатлаа дурлаж, улмаар олон жил амьдарсан амьдралын хэвшилээ орхих гэж хэрхэн хичээж байгааг өгүүлдэг ажээ. Хэдийгээр бокс оффисын зах зээлээс төдийлөн ашиг олж чадаагүй ч мэргэжилтнүүд өсвөр насны хүүхдийн заавал үзэх ёстой киноны тоонд оруулсан юм.



6. Zero Dark Thirty

Оскарын шагналт кино найруулагч Кетрин Биголоугийн найруулсан адал явдалт энэ кино ирэх 19-ны өдөр албан ёсны нээлтээ хийх юм. Энэ кинонд АНУ-ын батлан хамгаалахын салбарынхан Осама Бин Ладеныг устгах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа тухай гардаг аж. Энэ кино хэдийгээр энэ оны 10-11 дүгээр сард гарахаар төлөвлөгдөж байсан ч улстөрийн шинж чанартай энэхүү киног сонгуулийн өмнө гаргаж болохгүй гэсэн шийдвэрт кино бүтээгчид хүрсэн юм. Мөн бүгд найрамдахчууд энэ киног хийхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд Обамагийн засаг захиргааны доголдолыг харуулахыг зорьсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Харин ард иргэдийн дунд энэхүү кино тодорхой хэмжээний хүлээлтийг бий болгоод байгаа билээ.



5. Dark Knight Rises

DC компанийн цуврал болох Бетмэний сүүлийн анги болох Dark Knight Rises  кино өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтийн үеэр нь зэвсэглэсэн этгээд дайрч 12 хүн нас барж, 58 гаруй хүн шархадсан аймшигт явдал Колорадо мужийн Аврора хотод болсон юм. Хэдийгээр эмгэнэлт хэрэг гарсан ч энэ нь киноны борлуулалтанд ерөөсөө сөргөөр нөлөөлөөгүй юм. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар сүүлийн анги нь маш сонирхолтой болсон бөгөөд зарим нэгэн сонгодог киноны сюжетүүд ч явж байгааг хэлсэн билээ. Кристофер Ноланы нэр хүнд ч энэ киноны дараа асар хурдтай өссөн гэхэд болно. Киноны хөгжмийн зохиолыг алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер зохиосон нь кинотой төгс хосолж чадсан. Ашиг орлогынхоо хэмжээгээр бүх цаг үеийн түүхэн дэх долоо дахь хамгийн их ашиг олсон киногоор нэрлэгдсэн бол өнгөрч буй оны хоёр дахь хамгийн их ашиг олсон киногоор тодроод байгаа юм. Дэлхийн зах зээлээс нийтдээ нэг турбум 80 сая долларыг олсон билээ. “Хүчтэй баатрын төрлийн кинонуудаас хамгийн сайн хийгдсэн нь Dark Knight Rises гэдэгтэй хэн ч маргахгүй. Цаашид ийм төрлийн кино хийвэл энэ киноноос л давж гарч чадах ёстой” гэж Лос Анжелес Таймс сонины шүүмжлэгч Кеннет Тюран ярьжээ.



4. Anna Karenina

Алдарт зохиолч Лев Толстойн 1878 онд хэвлэлтнээс гарсан “Анна Каренина” зохиолоос сэдэвлэсэн энэхүү кино өнгөрөгч 11 дүгээр сарын 9-ний өдөр дэлгэцэнд амилсан билээ. Киноы гол дүрүүдэд Кера Найтли, Жүд Лоу нарын алдартнууд тоглосон нь үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байсан юм. Киноны найруулагчаар Жой Врайт ажиллажээ. Хэдийгээр шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй ч энэ жилийн хувьд нээлтээ хийсэн кинонуудаас заавал үзэх ёстой киноны тоонд зүй ёсоор оруулсан байна. Бокс оффисын зах зээлээс нийт 16 сая гаруй долларын ашгыг олоод байгаа юм. Обсервер сэтгүүлээс энэ кинонд дараах дүгнэлтийг хийжээ. “Маш гайхалтай хийжээ. Зураглал, дүрийн сонголт, зарим нэг шийдлүүд үнэхээр гайхалтай”



3. Life of Pi

Зохиолч Янн Мартелын 2001 онд хэвлэгдсэн адил нэрт зохиолоос сэдэвлэн энэхүү киног хятадын алдарт найруулаг Анг Ли найруулжээ. Кино зохиолыг нь харин  Девид Маги бичсэн байна. Кинонд энэтхэгээс цагаачилж Канадад ирсэн хүүгийн тухай гардаг аж. Гол дүрийн жаалхүүд хамаатных нь хүн нэгэн зохиол ярьж байгаагаар кино цааш өрнөдөг ажээ. Киноны найруулагч Анг Ли гол дүрийн жаалхүүд тоглох жүжигчнийг олохын тулд 3000 хүүхдэд проб хийсэн байна. Үр дүнд нь 17 настай энэтхэг жаал Ирфан Ханыг олж, тоглуулсан аж. Киног 3D форматаар хийсэн бөгөөд бокс оффисоос 113 сая долларыг олч чаджээ.



2. Beasts of the Southern Wild

Найруулагч Бен Зитлений уран зөгнөлт драмын кино. Уг кино 2012 оны зургадугаар сард дэлгэцнээ амилжээ. Уг киног нэг хүний жүжиглэлт гэж дүгнэж болох талтай. 93 минут үргэлжлэх энэхүү кинонд гуравхан хүний дүр гардаг билээ. Мөн Каннын кино наадмаас бүх төрөлд нь ялалт байгуулж алтан далдуу модны навчийг гардан авсан юм. Алдарт Рожер Эберт энэ киноны тухай “Энэ жил зохион бүтээгдсэн шилдэг киноны нэг бол яах аргагүй энэ кино. Ойрын таван жилд л лав үүн шиг кино үзсэнгүй” гэж Чикаго Трибюн сонинд ярилцлага өгч байжээ. Дэлхийн зах зээлээс энэ кино 14 гаруй сая долларын ашиг олж чаджээ.



1.  Амour

Францын найруулагч Майкл Ханекын найруулсан драмын кино энэ оны аравдугаар сарын 24-нд дэлгэцэнд гарчээ. Хүнд өвчтэй хөгжмийн багшийн эмгэнэлт амьдралыг харуулсан энэхүү кино европод багагүй шуугианыг дэгдээж амжсан юм. Одоогоор АНУ-ын зах зээлд албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа ч ирэх жил нэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Кино шүүжмлэгчид энэ киног хамгийн шилдэг кино гэж нэрлээд байгаа бөгөөд 2012 оны шилдэг кино гэж дүгнээд байгаа билээ.



Б.БОЛОРСҮХ







Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...