news.mn    art.news.mn    google.com
2013 оны 5 сарын 16
“Адам” киногоороо олон улсын кино наадмуудаас цөөнгүй шагнал хүртсэн кино найруулагч Ж.Сэнгэдоржийн дэлгэцийн шинэ бүтээл “Лардьма” үзэгчдийн хүртээл боллоо. “Тэнгис” театрын үзэгчдийн суудал пиг дүүрэн.

“Нохойн орон“ киноны Д.Төрмөнх зохиолыг нь бичиж, “Navchaa film” студид бүтээсэн уг киноны гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин О.Гэрэлсүх нар тоглож, саяхан гаргасан “Ертөнц” цомгоороо мэргэжлийн хөгжимчид болоод хөгжим сонирхогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан хөгжмийн зохиолч Г.Онон киноны хөгжмийг бичжээ.

Лардьма. Энэ бол “амьдрал” гэдэг үгийг араас нь уншсан нэр. Магадгүй киноны утгатай ч холбоотой байж магадгүй. Амьдралд хайртай, бас хайргүй хүмүүсийн тухай.

Кино үйл явдлын хоёр шугамтай. Үзэсгэлэнтэй, залуухан бүсгүй Лардьма хүлээж байсан хайр сэтгэлтэйгээ учирч, ажил амьдралтай сайхан залуутай хуримлана. Саруул сайхан байр, сайн ажил, өөрийг нь юугаар ч дутаахааргүй халамжтай сайн хань, үлгэрийн гүнж шиг амьдрал...

Гэвч түүнийг хайрласан нөхрийнх нь хайр удалгүй хал болон хувирч хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлдэг. Олон хүн цугласан үдэшлэг, үзвэрийн газарт эхнэрээ тогос шиг гоёж аваад очсон нөхөр нь /киноы туршид түүний нэрийг дуудсан хүн байгаагүй нь зохиолын алдаа, зориудаар орхигдуулсан алин болохыг мэдэхгүй/ орой ирээд “хэнтэй уулзсан бэ, хэний утсыг авсан бэ, хэлээд аль” хэмээн эрүүдэж, тамлана. Тэгээд удалгүй үүнийгээ “Би чамд хайртай болохоороо л...” хэмээн тайлбарлаж, уйлж унжиж өршөөл гуйна. Нөхрийнхөө хайр, хар хоёроос болж ажил ч хийх эрхгүй болсон Лардьма зөвхөн түүнийг зугаацуулахын тулд хамт гадуур гарч, бусад үеийг гэрийн тэжээвэр амьтан мэт цоожтой хаалганы цаана хорионд өнгөрүүлэх болов.

Эхэндээ өршөөж, уучилж явсан түүний сэтгэл сүүлдээ үзэн ядалт болон хувирдаг. Сэтгэлдээ хэдийнэ нэг удаа нөхрөө хөнөөсөн /хүн бүр л дотоод сэтгэлдээ хэзээ нэгэн цагт аллага үйлддэг ч түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлдэг нь цөөхөн/ түүнийг жинхэнээсээ нөхрөөсөө хагацахад нь шоронгийн хянагч бүсгүй тусалдаг.

Учир нь түүний амьдрал ч гэсэн төгс биш. Ажилгүй, архичин, итгэлгүй нөхөр, өдөр бүр ээжийгээ даган хорихын хашаанд ирж, ялтнуудын хүүхдүүдтэй тоглон өсч байгаа бяцхан хүү нь, бас хэний ч юм буруугаас болж хазгай гишгэн шоронгийн хаалга татсан гэм зэмгүй бүсгүйчүүд. Нарсанд суух ёстой нь наранд үлдэж, наранд алхах ёстой нь нарсанд хоригдсон хуурмаг хорвоо...

Эцэст нь хүн амины санаатай хэргээр шоронд ял эдэлсэн Лардьмагийн ялын хугацаа дуусч, харин түүний оронд хянагч бүсгүй өөрөө торны цаана суудаг. Хайртай гэж хэлсэн бүхэнд хайр байдаггүй. Харин амьдралд жинхэнээсээ хайртай хүмүүс бусдын амьдралын төлөө өөрийнхөө амьдралыг ч золиосолж чаддаг байна.

Киноны сэдэв бол энгийн. Хаа нэгтээ амьдрал дээр бидний хэзээ нэгэнтээ харж, учирч л явсан энгийн хүмүүсийн амьдрал, зовлон, жаргал. Жүжиглэлт, жүжигчний ур чадварын хувьд ч ялгаагүй, Навчаа Навчаагаараа, Пүүжээ Пүүжээгээрээ л тоглосон.

Гэхдээ киноны хөгжим хийгээд найруулга, зураг авалт, үйл явдлын өрнөл, тайлал, хэлэх гэсэн санаа нь сүүлийн үед олноор гарч байгаа шинэ монгол кинонуудаас арай өөр, шинэлэг, илүү мэргэжлийн төвшнийх. Тиймээс кино дууссаны дараа ч үзэгчид саяхан дунд нь орчихсон явсан киноныхоо үйл явдлаас гарахгүйг хичээн суудалдаа удаан сууж, бас “Кино шиг кино үзлээ” хэмээн бие бие рүүгээ инээмсэглээд яаралгүйхэн хаалга чиглэж байлаа. Лардьма. Амьдрал.

Б.ЗАЯА
Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №011

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...