news.mn    art.news.mn    google.com
Олон сайхан дуунуудаараа үзэгчдийн танил болсон дуучин Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат нар хамтран “Алтан үеийн аялгуу” нэртэй тоглолтоо өргөн барихаар болжээ. Энэхүү тоглолтод 1960, 70, 80-аад оны болон ард түмний сэтгэлд хоногшсон ардын сайхан дуунуудыг дахин эгшиглүүлэх юм.

“Хар торгон хамжаар”, “Юндэн гөгөө” зэрэг дуунуудаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан дуучин Д.Бурмаа Монгол Улсын ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн “Тамирын гол”,  “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг олон сайхан дуунуудыг амилуулах бол дуучин Л.Банзрагч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банзрагчийн “Алтан шар зам”, “Жолооч миний хүсэл”, “Сүүн цагаан сэтгэл”, “Найрсаг бай­гаасай” зэрэг гайхалтай дуунуудыг дуулах аж.

Харин дуучин С.Цэрэнчимэдийн дуунуудыг олны сэтгэлд хүртэл дуулж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин А.Мөнхбат “Ээж минь дээ”, “Зүүдэн бороо” зэрэг дуунуудаар үзэгчдийн сонорыг мялаана. Тоглолтод 30 гаруй дуу дуулагдах ба гурван цагийн турш үргэлжлэнэ.

Мөн “Total Music”-ийн хамт олон өмнө нь байгаагүй өвөрмөц шийдэл бүхий шинэлэг тайз зассан байна. Тоглолтод ҮДБЭЧ-ийн бүжигчид, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын хөгжимчид зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм байна.

Маргааш буюу аравдугаар сарын 30-ны өдөр ганц удаа тоглохоор төлөвлөж байсан ч үзэгчдийн хүсэлтээр арваннэгдүгээр сарын 1-нд дахин нэг удаа тоглохоор болжээ.

Тоглолт бөхийн өргөөнд 19 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 9000 төгрөг аж.
Н.Наран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...