news.mn    art.news.mn    google.com
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын сопрануудын нэг, дуурийн гоцлооч, соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэгтэй ярилцлаа. Түүнийг Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Дж.Вердийн “Трубадур”-ийн Леонерагийн дүрээр дуурийн урлагт дуртай үзэгчид андахгүй.

-Удахгүй танай театрынхан “Аида” дуурийг тоглоно. Мэр­гэж­лийн дуучид Аидад дуулах юмсан гэж хүсдэг гэсэн. Манай дуурийн театрт олон сопрано байдаг боло­хоор өрсөлдөөн их байдаг байх?
-Одоохондоо бид бэлтгэл сургуу­лилт хийж байгаа юм. Яг хэн хэний дүрд дуулах нь тодорхойгүй байна. Уран сайхны удирдаач шийднэ. Өмнө нь манайд ирж байсан  найруулагч А.П.Чепурной ирж ажиллана.

-Дж.Вердийн “Трубадур” дуу­рийн Леонерад та гайхалтай дуул­даг, үзэгчдийн хайртай дүрийн нэг?
-Өмнө нь би Дж.Вердийн “Трубадур” дуурийн Леонерад дуу­лахад хүмүүс их сэтгэл өндөр хүлээж авсан. Ер нь Монголд тавьж байгаа олон дуурьд сопрано гол дүрийг бүтээдэг. Бид сопрануудад хөгжмийн зохиолчид хамгийн гоё аялгууг өгчихдөг гэж ярьдаг юм. Дж.Вердийн дуурь их аялгуулаг.

-Та театраа төлөөлж олон ул­сын чанартай олон тэмцээнд оролц­дог. Манай дуурийн урлаг олон улсынхтай харьцуулж үзэхэд ямар хэм­жээнд байгаа бол?
-Бид өнгөрсөн жил Улаан-Үд, Москва руу уралдаан тэмцээнд яв­сан. Манай дуурийн урлаг, залуу дуучид бусад улсын дуучдаас хол зө­рүү байхгүй гэдгийг баттай хэлнэ. Урал­даанд оролцоход санаа зовох зүйл байхгүй гэдгийг бид өөрсдөө очоод сонсоод мэдэрсэн. Одоо ми­ний “конкурсны нас” дуусах гээд бай­на аа. Гэхдээ энэ хугацаанд өөр олон уралдаанд оролцохоор бодож бай­гаа. Бусад улсын дуучидтай энэ зэрэгцэнэ үү гэхээс дутахгүй шүү. Ер нь бол Азид монголчууд дуурийн урлагт нэлээн дээгүүр байр суурьтай. Япон, Солонгосууд мундаг л даа. Монголчууд итали, орос, германаар яг унаган хэл шигээ дуулж чаддаг. Япон, солонгосууд бол жаахан аял­гатай. Монголчууд унаган итали хэл­тэй хүн шиг дуулдаг гэж хүмүүс яри­хыг сонсоод баярлаж л байлаа.

-Та түрүүн миний ”конкурсны нас” дууслаа гэж хэлэх шиг боллоо. Олон улсын чанартай тэмцээнд нас­ны зааг  заадаг юм уу?
-Эмэгтэй 33, эрэгтэй 35. Гэхдээ одоо маш залуужсан. Зарим тэмцээнд 30 нас гээд заачихсан байна.

-Олон улсын уралдаанд олон ул­сын продюсер, дэлхийн том теат­руудын найруулагч нар ирдэг. Дуурьт тоглох санал  тавьдаг гэсэн. Танд ийм санал ирж байсан уу?
-Намайг анх 2005 онд Солонгос явж байхад санал тавьж байсан. Тэ­гэ­хэд би дөнгөж театрт орсон, олон дуурьт дуулаагүй туршлагагүй бай­сан даа. Нас бага ч байсныг хэлэх үү, юу хэлэхээ мэдэхгүй ангайсаар бай­гаад л саналаа алдсан. Дараа нь В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг тог­лоход Австрид ирж ажиллах са­нал тавьсан. Гэхдээ маш богино хуга­цаанд герман, итали хэл сурах шаард­­лага тавьсан юм. Би ийм богино хуга­­цаанд хоёр хэл сурч чадахгүй ээ гээд татгалзчихсан. Одоо бол би их харамсдаг юм. Би тухайн үед аж­­лаасаа цалингүй чөлөө аваад өдөр шөнө­­гүй хэл сурах ёстой байсан юм билээ. Бурхан хүнд нэг юм уу хоёр боломж олгодог гэсэн, миний боломж ингээд дууссан байх аа гэж бодох юм. Надад санал тавьсан найруулагч маань саяхан бурхан болчихсон. Би их харамссан. “Хэрвээ найруулагч маань амьд байсан бол надад дахин боломж олгох байсан байх” гэж за­­рим­­даа боддог. Их гоё найруулагч байсан даа. Энэ олон дуучдаас онц­­лоод надад санал тавьсанд нь баяр­­ладаг юм. Гэнэтхэн тийм санал тави­­хад “Би чадахгүй байх” гэж бодож, айдаг юм билээ.

Гэхдээ би энэ театраа ажиллаж байгаадаа их бахархдаг. Би театрт тоглож байгаа монгол дууриудын бүх гол дүрд дуулсан. Одоо Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Бөр­­тэ хатны дүрд бэлтгэж байгаа. Бөртэ их гоё, аялгуулаг, зөөлөн дүр. Өм­­нө нь би “Чингис хаан” дуурийн Хадаа­­ны дүрд дуулж байлаа. Их гоё дүр. Би Хятадын “Чингис хаан” киног үзэх их дуртай. Гарах болгонд нь үздэг, гэхдээ ерөөсөө уйддаггүй. Анх Хадаанд тоглохдоо тэр киног үзээд Хадааныг би яаж бүтээх вэ гэж бодсон. Миний дуртай дуурийн нэг. Би Хадааны дүрд их хайртай. Жилд хоёр, гурван удаа Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглодог. Их нүсэр дуурь.

Миний дуулах дуртай  бас нэг дуурь бол Б.Дамдинсүрэнгийн “Учир­­тай гурван толгой”. Би Нан­­салмаад тоглохдоо өөрийгөө их дардаг. Ер нь нэг “гялалзчих” гээд бай­­даг юм. Манай найруулагч “Чи Хоролмаа биш шүү, намбалаг Нан­­сал­маа шүү” гэдэг юм. Ирэх сард Дж.Вердийн “Аида”-д дуулсны да­раа Дж.Пуччинийн “Тоска” дуурьт тоглох хүсэлтэй байгаа. Театрын олон уран бүтээлч байгаа учир ээл­­жилж дуулдаг, тиймээс ирэх хавар гэхэд “Тоска”-д дуулах байх гэж бодож байна.

-Ингэхэд үзэгчийн хувьд хэний дуулахыг сонсох дуртай вэ?
-Г.Эрдэнэтуяа эгчийг дуулж байхыг үзэх их дуртай. Г.Эрдэнэтуяа эгч итали хэлийг монгол хэл шигээ эзэмшсэн. Дуулахаар үнэхээр бүх биеийн шар үс босдог. Хөгжимлөг, дуурийг амилуулж байгааг нь харах их дуртай. “Энэ юу гэж байгаа юм үүнийг яаж хэлэх вэ гээд байн­га асууна аа, цуг ажиллахад их түшиг­­тэй шүү. Италид магистр хамгаалсан. Театртаа, бүх дуучдадаа сайхан үлгэр дууриал үзүүлж байдагт нь баярладаг юм.
 
-Эрэгтэйчүүдээс хэнтэй хам­тарч дуулах дуртай вэ?
-Залуу дуучдаас Э.Амартүвшин байна. Юндэнд дуулдаг, их сайхан хоолойтой. Балганд дуулдаг Э.Бум­­хүү байна. Бас М.Болд ах,  Ч.Түмэн­дэмбэрэл гээд бүгдтэй нь хамтарч ажиллахад сайхан байдаг. Манай театрын залуу дуучид их сайн. Гоё хоолойтой, бие хаа, царай зүс гээд бүх л зүйлээрээ хэнд ч гологдохгүй. Хажууд партнёрлож байгаа дуучин маань сайхан байхаар чинь их хөглөгдөөд гоё байдаг юм байна. Их жаргалтай байгаа ш дээ.  

-Оюутан байхдаа ямар дүрд тог­лохыг мөрөөддөг байсан бэ, тэр мө­рөөдлийн дүрдээ дуулсан уу?

-Оюутан байхдаа яг тэгж мөрөө­дөж, боддоггүй байсан. Миний хам­­гийн түрүүнд өмнөө тавьсан зорилго минь дуурийн дуучин болно, гэхдээ бүр солист. /гоцлол/. Зорилгодоо хүрч Улсын дуурь, бүжгийн эрдмийн теат­­рын гоцлол дуучин болсон. Харин одоо Монголд тоглож байгаа сопрано хоолойны бүх дүрд дуулах юмсан гэж боддог. 45 нас хүртлээ ид сайхан залуу байх үедээ бүх дүрийг дуулж үзэх хүсэлтэй байгаа. Дж.Пуччинийн “Чио Чио Сан”, “Турандот” гээд дуулах дүрүүд маань их байна.

-Таны В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Папагенагийн дүр бас их хөөрхөн санагддаг?
-Тийм үү. Би дургүй. /инээв/ Ми­ний хоолойных биш, хэцүү санагдаад байдаг юм. Би шувуу шиг хоолой гар­гах гэж их хичээдэг. Папагенад дуулна гэхээр л нэг л их хүнд болчихдог юм. Дуулахад эвтэйхэн, эвгүй дүр гэж байдаг. Дуучин хүн тэр болгонд дуу­лаад л хоолойгоо эвдэж болохгүй. Өөрийнхөө хоолойны темберт таар­сан дуугаа дуулах хэрэгтэй. Тийм болохоор би Папагенагийн дүрд дур­гүй.
-Тэгвэл танд дуулахад хамгийн эвтэйхэн, таныг төлөөлдөг дүр чинь ямар дүр вэ?
-Би чинь даруу, дөлгөөн хүн биш. Хур­дан шаламгай хүн. Тийм болохоор характерны дүр их тохирдог. Гэхдээ дуулалттай, том хэмжээний ариг дуула­­хыг зорьдог. Дэлхийн шилдэг, том дуурьт дуулж хүчээ сорих их дуртай. Ер нь бол хамгийн их мө­рөөд­­дөг дуурь бол Дж.Пуччинийн “Турандот” байна. Энэ жил манай хөтөл­бөрт “Турандот” байхгүй. На­мар болгон манай театр жилийн хөтөл­бөрөө гаргадаг. Хөтөлбөрт би хамгийн түрүүнд “Турандот” дуурь байна уу гэж хардаг. Манай багш А.Бүтэд намайг ганц хоёр жил аз­нахгүй бол болохгүй байх гэдэг.  Харин яагаад ч юм өөрт сэтгэлд багтаад байдаг юм. Тийм болохоор “Турандот” дуурьт дуулна гэж бодож байгаа. Миний багш надад дуурийн дуучин юу сурах, яаж алхах, юу идэж уух ёстой гээд бүх зүйлийг минь зааж өгсөн. Би наймдугаар анги төгссөн жаахан охин багш дээрээ ирэхэд эцэг эхээс салаад дахиад л нэг ээж дээ­рээ ирж байгаа юм шиг санагдаж бай­сан. Миний зохиолын дуучин бо­лолгүй эргэж хувиралгүй дуурийн дуучин болсон нь багшийн гавьяа. Би чинь таг хөдөөний, юун дуурийн дуучин болох, ямар ч байсан дуучин болно л гэж бодож байсан. Хүн бол­гон хийчихдэггүй, ийм нарийн, гоё мэргэжилтэй болгосонд аав, ээж, багш­даа их баярладаг.

-Дуурийн дуучин чинь 21 нас хүрээд дуулаачийн ангид ордог юм биш үү, ангидаа хамгийн бага нь бай­сан уу?
-Хамгийн бага нь. Би тэр үед сэргэлэнтээд аравдугаар анги төгссөн гээд хэлчихсэн. Хамгийн инээдтэй нь надаас арав төгссөн гэрчилгээ нэхээ­гүй. хэзээ ч мэдэгдээгүй. Тэгээд л би чинь есдүгээр сард туулайчлаад хичээл­дээ яваад эхэлсэн. Бушуухан л оюутан болох хүсэлтэй, бичиг баримтны асуудалд унана гэж айхгүй байгаа юм. Одоо хүртэл надад гэр­чилгээ байхгүй, наймдугаар ангийн жижигхэн гэрчилгээ л байдаг юм. СУИС-д Хөгжим бүжгийнхээ дипло­мыг үзүүлээд орчихсон.

-Тэгвэл одоо “илчлэгдлээ” дээ. Та 45 нас хүрээд багшлах уу, эсвэл үргэлжлүүлээд дуулах уу?
-Багш болох байх. Нэлээд чанга баг­ш болох байх аа.
Манай багш намайг одоо багшлах аргад суралц гэдэг юм.

-Хэрвээ аравдугаар анги төгс­сөн гэрчилгээгүй гэдэг нь бариг­даад дуучин болж чадаагүй бол ямар мэргэжилтэй хүн болох бай­сан бол?
-Спорт талын болох байсан болов уу гэж боддог юм. Би их томоогүй, үсэрч харайдаг хүүхэд байсан. Биеийн тамирын хичээлдээ сайн. Ма­­­гад­гүй дасгалжуулагч, биеийн тами­рын багш болчихсон явж байгаа. Анги­даа уралдаан тэмцээн гэхэд би л “цо­хиж” явдаг байлаа.

-Урлагийнхан ялангуяа сонго­дог урлагийнхны ар гэрийн амьд­рал их орхигддог юм шиг. Тоглолт, бэлтгэл гээд гэртээ байх нь ч ховор байх тийм үү?  
-Гэртээ байх юмсан гэж их боддог. Хүүтэйгээ, нөхөртэйгээ гэр бүлээрээ байх дуртай. Бид чинь эзэгтэй хүний тал дээр бол “no” шүү дээ. Одоо өдийд чинь эмэгтэй хүн гэртээ очоод хоол ундаа хийгээд, хүүхдийнхээ хи­чээл номыг давтуулж байх ёстой биз дээ. Гэтэл бид театр дээрээ бэлтгэл сур­гуулилт гээд амралтын өдөр боло­хоор тоглолт гээд л... Дандаа оройн цагаар тоглолттой байдаг, зөвхөн тоглолт гэлтгүй оройн цагаар ч бэлт­гэлээ хийнэ. Чөлөөт цагаараа гэр­тээ бас зүгээр байхгүй ээ. Зүгээр суу­хаар би таргалчихаад байдаг юм. Тийм учраас хөдөлгөөнтэй байхыг хи­чээнэ. Шал угаагаад л, хоол хийгээд, угаал­гын машин эргүүлээд бүгдийг зэ­рэг хийдэг. Манай гэрийнхэн “Ээж юм хийхгүй байж байгаад гэнэт­хэн хийгээд сонин ш дээ” гэдэг юм. Шөнийн гурван цаг хүртэл цэвэр­лэчихнэ. /инээв/

-Таргалахад хоолойны өнгө өөрч­лөгдөх үү?
-Ер нь бол масс их нөлөөлнө. Бас турчихаад дуулахад их хэцүү. Гэхдээ дуурийн дуучин масстай байхад бу­руу­дахгүй. Ардын жүжигчин Ж.Уртнасан гуай “Одоо энэ дуурийн дуу­чид чинь хаашаа юм бэ, туранхай, на­рий­хан хүүхнүүд яваад байх юм. Тэврэхэд ч тэвэрт байхгүй” гэдэг юм. Бид тоглолт хийхээрээ л Ж.Уртнасан багшийг урьдаг. Тэгээд л тоглолтын да­раа үнсэхдээ ингээд л тэвэрт байх­­гүй шүү гэдэг юм. Бас намайг дуу­рийн дуучин гэхээр хүмүүс ”Ямар сонин, жаахан хүүхэд шиг” гэдэг. Би эн­гийн амьдралд их дуртай. Олны та­нил хүмүүсийг харахаар хэцүү санаг­даад байдаг юм. Би пүүз, жийнс өм­сөөд дэлгүүр хэсээд энгийн байх дур­тай. Гял цал юманд бас дургүй ээ.

-Тайзан дээр бол та тансаг, ихэм­сэг харагддаг?
-Харин тийм ээ. Хүмүүс тэгдэг юм. Тайзан дээр дүрдээ хувирна, хув­цас нүүр будалтаас шалтгаалаад л их өөр харагддаг байх. Тайзнаас буугаад жийнс, пүүзээ өмсөхөөр хүмүүс тань­даггүй шүү дээ.

-Нэг хэсэг хүмүүс дуурь үзэхээ больжээ гэдэг байсан. Харин одоо өөрч­лөгдсөн байх аа тийм ээ?
-Анх театрт ирж байхад үзэгчид их хэцүү байсан. Яанаа л гэж бодож байсан. Одоо бол санаа зовдоггүй. Дуурийн урлагийг ойлгодог үзэгчид их олон болчихсон. Байнгын үзэгчид­тэй болсон. Манай театрын үзэгчид шал өөр хүмүүс байдаг. Сонгодог ур­лаг өөрөө чамин гоё урлаг, үүнийг ойлгодог тусгай үзэгчид гэж байна. Энэ урлагийг ойлгож, дурлаж үздэг хүмүүс манай театрт ирдэг. Яагаад ч юм манай театрын үзэгчид бусдаас нэг л өөр байдаг юм. Үнэрээр бол ма­най үзэгчид арай л өөр тансаг үнэр­тэй.   Би хошин шог үзэж үзээгүй. Харин ням гаригт үдээс өмнө бэлтгэл сургуулилтаа хийчихээд орой нь балет үзэх дуртай. Гадагшаа явахдаа бас гадны театрт дуурь үзэх дуртай. Сая хамгийн сүүлд Москва явахдаа “Евгений Онегин” үзсэн. Үнэхээр гайхалтай үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Заримдаа би ийм сайхан мэргэжил эзэмшиж, дуурийн дуучин болсондоо хэлэх гоё үг олдоггүй ш дээ. Би өөрийгөө азтай л гэж боддог юм.

-Ингэхэд манай дуурийн дууч­даас гадаадад дуулдаг нэлээд хэдэн хүн байгаа байх аа?
-Италид н.Уранцэцэг эгч дуулж байгаа. Болгарт н.Баясгалан гэж жин­­хэнэ В.А.Моцартын “Турандот” дуу­рийг дуулдаг бүсгүй байна. Европын орноор “Турандот” дуурьт дуулж яв­даг эмэгтэй. Би түүнийг Монголдоо “Турандот” дуурийг нь дуулуулах юмсан гэж боддог юм. Театр минь хэ­зээ нэгэн цагт урьж дуулуулж, дуу­рийн урлагт дуртай үзэгчдийг маань биш­рүүлэх байх аа.

М.Дөлгөөн, Г.Даша

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...