news.mn    art.news.mn    google.com
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн баасан гаригт Монгол бичгийн урлагт зориулсан “Бичиг соёл 2011” үзэсгэлэн “хөх хивсний ёслол”-оор нээлтээ хийлээ. Бийрний уран тансаг зураасаар босоо бичгээ тамгалсан тус үзэсгэлэн гурав дахь жилдээ ийнхүү хөх тэнгэрээс заяат босоо бичгээ бэлэгдсэн “хөх” хивсэн дээр уран бүтээлчдээ хүлээн авч, алд цэнхэр хадган дээрээ бийр барин хүндэтгэл үзүүлсэн юм. Нээлтийн ажиллагаа өмнөх жилүүдийнхээс онцлог байсан нь үүгээр дууссангүй ээ. Хөх өнгийн дээлээр ижилссэн таван бүсгүй цэнхэр туузаар давлагаа үүсгэн бүжиж, тэнд дэлгэсэн муутуу цаасан дээр хар бэхээр “тамга” хэмээн босоо бичгээр бичин цуурын аялгууг эгшиглүүлэв. “Нүүдэлчдийн давалгаа” бүлгэмийнхэн “хөх тамга” нэртэй үзүүлбэрээрээ үзэсгэлэнг нээсэн нь энэ байлаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, зураач О.Ням-Очир, А.Чадраабал, Д.Баттөмөр, С.Бадрал, Д.Ганбаатар, каллиграфч Ц.Тамир, Л.Түвшинжаргал зэрэг 100 гаруй уран бүтээлч эл үзэсгэлэнд оролцлоо.

Залуу зураачид, оюутан залуусаар эгнээгээ тэлсэн тус үзэсгэлэн жилээс жилд өргөжин цар хүрээг тэлсээр байгаа билээ. Уран бичлэг буюу  нь зөвхөн уран зураг, зураасан зураг, сийлбэрийг урлаг, гар урлал төдийгүй орчин үеийн модерн арт, инстоляци, перформанс арт, контемпорари урсгалын бүтээлд туссан нь энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог байлаа. Үзэсгэлэнгийн танхимд уламжлалт жаазтай бүтээлээс гадна орон зайг ашигласан тэнгэрээс урсан орж ирж буй даавуун дээрх  бүтээлүүд болон модон бар, сийлбэр, гар урлалын бүтээлүүд олны нүдийг хужирлан байлаа.

Тус үзэсгэлэн жил бүр уламжлал ёсоор хоёр уран бүтээлчийг шалгаруулан шагнал гардуулдаг билээ. “Бичиг соёл 2011” үзэсгэлэнгийн  “Сайхан бичлэг” төрөлд уран бүтээлч Э.Анхбаяр “Монголын нууц товчоо” бүтээлээрээ шалгарсан бол үзэсгэлэнгийн “Тэргүүн” байрны шагналыг Ц.Тамир “Тэнгэрийг тэтгэсэн Монгол бичиг минь” бүтээлээрээ хүртлээ.

“Бичиг соёл 2011” үзэсгэлэнгийн тэргүүн байрны шагналт каллиграфч, дизайнер Ц.Тамиртай уулзан сэтгэгдлийг нь сонслоо.

-Баяр хүргэе. Бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-“Тэнгэрийг тэтгэсэн босоо бичиг минь” гэсэн нэртэй бүтээлээрээ оролцсон. Монголчууд зөвхөн дээрээс доош бичдэг. Ер нь бол тэнгэрээс орж ирсэн бичгээр ганцхан бид нар л бичдэг шүү гэсэн санааг бүтээлээрээ илэрхийлсэн. Тэнгэрээс орж ирсэн хувь заяатай хүмүүс шүү бид. Дэлхийд ганцхан Монгол бичиг минь гэдэг санааг хүмүүст бүүр хүчтэй хүргэж өгөх зорилготой бүтээсэн. Уламжлалт жаазтай бүтээлээс салж орчин үеийн, орон зайд даавуу материал ашиглан чөлөөтэй хийсэн.

-Хэр хугацаанд энэхүү бүтээлээ туурвисан бэ?

-Толгой дотроо удаан боловсруулсан. Яг гаргаж хийхэд хоёр гурван өдөр зарцуулсан. 

-Яагаад заавал даавууг сонгон бүтээлээ хийх болов?

-Анх гаргасан зохиомж санаандаа дүйцүүлэн хийхийг хичээсэн. Цаас бол хэврэг. Даавуу шиг ингэж уян хатан байж чадахгүй.

-“Бичиг соёл” үзэсгэлэнд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?

-Жил алгасахгүй дараалан гурван жил оролцож байна. Каллиграфчдын “Шинэ цас” үзэсгэлэнд энэхүү бүтээлээ зориулж хийсэн. Хоёр дахь удаагаа үзэсгэлэнд бүтээл маань тавигдаж байна.

-Өмнөх жилүүдэд ямар бүтээлүүдээр оролцож байв?

-Жил бүр хоёр гурван бүтээлтэй оролцож байсан. Уламжлалт жаазтай бүтээлүүдээ дэлгэн тавьж байсан. Энэ жил зохиомжоо эвдээд чөлөөтэй хийсэн бүтээлээ орон зайд дэлгэн тавилаа.

Мөн энэ үеэр “Бичиг соёл” өвийн тэргүүн Д.Ганбаатартай уулзлаа.

-“Бичиг соёл 2011” үзэсгэлэнгийн талаар сонирхуулахгүй. Уламжлал болон гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өмнөх жилүүдийнхээс юугаараа ялгаатай вэ?

-Манай үзэсгэлэнд оролцогчдын хүрээ жилээс жилд өсч байна. Энэ жил уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлж Урчуудын эвлэлийн хорооны дарга Ц.Энхжингийн санаачлагаар “Хөх хивсний ёслол”-ын ажилллагааг зохион байгууллаа. “Бичиг соёл 2011” үзэсгэлэнд оролцож байгаа бүх уран бүтээлчдээ хөх хивсэн дээр хүлээн авч хадаг, бийр дурсган хүндэтгэл үзүүллээ.

-Яагаад хөх хивсийг сонгох болов оо?

-Ц.Энхжин дарга анх санаачлахдаа заавал гадныхан шиг улаан хивс биш зочдоо хүндэтгэж хөх хивс дэвсэн угтъя гэсэн санааг бид дэмжин ажилласан л даа.

-Үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд өнгөөр ялган үзүүлсэн газрын зураг нүдэнд тусч байлаа?

-Тэр зураг бол одоогоор дэлхийд түгсэн 13 хэл бичгийн нэг нь Монгол бичиг юмаа гэдгийг өнгөөр ялган харуулсан байгаа. Урчуудын эвлэлийн хорооноос уламжлал болон зохиодог “Бичиг соёл” үзэсгэлэн энэ жил маш өвөрмөц, сонин содон боллоо гэж бодож байна.

“Бичиг соёл” үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байгаа каллиграфч, зураач Л.Амарсанаатай цөөн хором ярилцлаа.

-“Бичиг соёл 2011” үзэсгэлэнд та гурван жил дараалан оролцож байгаа уран бүтээлч, энэ жилийн үзэсгэлэн юугаараа онцлог болж байна?

-Энэхүү үзэсгэлэн өмнөх жилүүдээс өргөн дэлгэр олон хүнийг хамарсан сайхан болж байна. Энэ удаад би уран бичлэг, модон барын ажлууд гээд таван бүтээлээрээ оролцсон.

-Монгол бичгийг модон бараар буулгасан бүтээл тань сонирхол татаж байлаа?

-Модон бар бол Монголчууд эртнээс ном судраа бүтээн туурвиж байсан уламжлалтай дүрслэх урлагийн нэгэн төрөл. Би бас уран бичлэгээр бичээд түүнийгээ модон бараар хийж сонирхуулж үзүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд Монголын үндэснийхээ бичиг соёлоо судалж, түгээн дэлгэрүүлэхээр хүчин зүтгэн уран бүтээлдээ тусгаж ажиллаж байна.

Зургийн цомог

Г.Даша

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...