news.mn    art.news.mn    google.com
Хотын гудамжаар ганц машин явж буй, шарласан зураг 1950-иад оны түүхийг өгүүлнэ. Түүнчлэн 1936 онд одоогийн Төв номын сангийн суурин дээр гэр хороолол байсан тухай хийгээд 1968 онд Сансарын туннелийг барьж буй зураг нийслэлийн нэгэн цаг үеийн түүхийг хүүрнэж байв. Улаанбаатар хотын 372 жилийн ойд зориулан нээсэн үзэсгэлэнг чимж буй нэг үзмэр нь шилэн хоргонд тавьсан “Нийслэл хүрээний сонин бичиг” 1915 оны есдүгээр сарын 1-нд гарсан дугаар эдүгээ архивт хадгалагдаж байна. Музей үзэж явсан иргэдийн сонирхлыг татсан үзмэр бол уйгаржин бичгийн машин байлаа. Хотын захиргааны анхны бичгийн машин уйгаржин үсэгтэй байсан бөгөөд 1920 онд Америкт захиалгаар хийлгэж байсан аж. Уг бичгийн машиныг Улаанбаатар хотын анхны дарга Моононгийн Баяр хэрэглэж байжээ. Ийн нийслэлийн хөгжлийн түүхийг өгүүлэх “Нийслэл хүрээ ба Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейд дэлгэв. Үзэсгэлэнд нийслэлийн түүхийг өгүүлсэн 1911 оноос өнөөг хүртэлх 100 гаруй зургийг тавьжээ. Уг үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон  Нийслэлийн соёл, урлагийн газрын зөвлөх Ч.Батжаргалаас зарим зүйлийг лавлалаа.

-Таны харж буй зураг их өвөрмөц юм, нийслэл хотын бүтэц бүхэлдээ багтсан байна. Бас гудамж хорооллыг нь өөр өнгөөр ялгасан нь цэгцтэй харагдаж байна. Энэ зургийг хэдэн оны үед хэн зурсан юм бол?

-Энэ зургийг 1912 оны үед Шарав гуай зурсан гэдэг. Хятад хороолол, баруун, зүүн дамнуурчны гудамж, худалдааны Амгалан хот их тод харагдаж байгаа биз. Монголчууд урд зүгийг үүдээ гэж үздэг тул Зайсан толгой руу төрийн өргөө нь харж байхаар зурсан байна. Төрийн өргөөнөөс урагших зам ямар саадгүй цэлийтэл харагдаж байгаа нь хот төлөвлөлтийн нэг онцлог юм. Учир төлөвлөлтөөр бол Зайсанд ямар ч барилга байх ёсгүй. Түүнчлэн 1976 онд хойд хөршид хийлгэсэн Хот төлөвлөлтийн загвар дээр ч Зайсан чиглэл рүү ямар ч байшин харагдахгүй байгаа биз. 2000 оноос хойш хот  төлөвлөлт алдагдаж, бид үүдээ чулуугаар дараад таглачихсантай адил болсон.

-Францын  зурагчин  С.Фас­сегийн авсан хүрээний иргэдийн өнгөт зураг таны анхаарлыг их татлаа.

-Өвөрмөц сонин зураг олон байна. 1913 онд С.Фассе Монгол орноор дайрч өнгөрөхдөө энэ зургийг авснаа манай музей руу явуулсан гэж сая тайлбарлалаа. Тухайн үед амьдарч байсан иргэдийн хувцас хэрэглэлийн түүх энэ зургаас харагдаж байна. Түүнчлэн Их хүрээг нийслэл хүрээ болгож тунхагласан Богдын лүндэн их содон юм.

-НИТХ-аар  Улаанбаатар хотын музей гэж нэрийг нь өөрчилжээ.  Энэ музей анх хэдэн онд ямар зориулалтаар байгуулагдаж байсан бэ?

-Улаанбаатар хотын шинэчлэн байгуулалтын музейн нэрийг уржигдар НИТХ-ын шийдвэрээр сольсон.  Анх орон сууц маягаар барьсан юм билээ. Эртний барилга. Анхны долоогийн уулзалт болж байсан гэдгээрээ онцлог. Нэг үе Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын  музей байсан. Музейн  барилгыг үзмэр болгох төсөл боловсруулсан. Зураг нь бэлэн болоод техник эдийн засгийн үндэслэл нь гарсан. Одоо музей байгаа энэ байшин удахгүй үзмэр болно. Гадуур нь үзэсгэлэнгийн том барилга барих юм.

Б.Ганаа

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...