news.mn    art.news.mn    google.com
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 119 жилийн ой хоёрдугаар сарын 2-нд буюу маргааш тохионо. Ойн хүрээнд “Театрын музей”-д өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын “XX зууны эх оронч” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Өнгөрсөн 47 жилийн турш их жанжин Д.Сүхбаатартай холбоотой гэрэл зураг, зоосон мөнгө, тэмдэг, марк, сонин хэвлэл, ном товхимол, баримал, хөшөө, мөнгөн тэмдэгтийг цуглуулан хадгалсаар ирсэн О.Баатар гуай тус үзэсгэлэнг гаргажээ. “Би энгийн л нэгэн жолооч. Судлаач, шүүмжлэгч биш. Намайг их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг сурталчлагч гэвэл илүү онох байх” хэмээн даруухан өгүүлэх түүний үзэсгэлэнд үзэж, сонирхох зүйлс олон байлаа. “Үзэсгэлэнгээ нээх гэж хуучин гэрэл зургийнхаа бүх жаазыг шинээр шиллүүллээ. Тэтгэврийн хөгшинд амаргүй ажил шүү” гээд инээмсэглэнэ. Түүний харцанд “Би бусдад түүний үйл хэргийг сурталчилж байгаа” гэсэн бяцхан бардамнал нуугдаж байх шиг.

Үзэсгэлэнгийн нээлтэд Д.Сүхбаатарын ураг төрөл, садан, гуч, Сүхбаатар судлаачид болон МАН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар оролцсон. Тэрбээр ”Жил бүр бид Монголын ард түмний хүү Дамдины Сүхбаатарын төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил түүний төрсөн өдрийг тохиолдуулж, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан хүрээлэн, Сүхбаатар судлаач О.Баатар гуайтай хамтраад энэхүү үзэсгэлэнг гаргаж байна. Д.Сүхбаатар бол Монголын XX зууны тусгаар тогтнол, сэргэн мандалтын түүхийг бүтээн босгож, удирдсан хүмүүсийн нэг. Дамдины Сүхбаатарын үйл хэрэг, түүний судлал жил ирэх тусам улам бэхжиж, өнгө орж, тодорч байгаа. Өнгөрсөн жил бид Сүхбаатарын талбайг сэргээлээ. Түүний хөшөөг хүрлээр цутгаж бүтээсэн байгаа. Мөн яруу найрагч Ц.Гайтав гуайн Дамдины Сүхбаатар гэсэн алдарт найраглалыг дахин хэвлүүлж, ард түмэнд хүргэсэн. Сүүлийн жилүүдэд Д.Сүхбаатартай холбоотой түүхийг сонирхон судалдаг болсон нь сайхан хэрэг” хэмээв. Түүнчлэн тэрбээр маргааш Д.Сүхбаатарын нэрэмжит газар бүрт баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэж буйг дуулгалаа.

Үзэсгэлэнгийн танхимд жанжин Д.Сүхбаатартай холбоотой 500 орчим үзмэрийг дэлгэжээ. “Энэ үзэсгэлэн бол миний 47 жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн минь тайлан ч гэж хэлж болно доо. Ирэх жил их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 120 жилийн ой тохионо. Тэр үеэр үзэсгэлэнгээ дахин нийтийн хүртээл болгочих юмсан. Сүүлийн хоёр, гурван жил бие минь жаахан тааруухан байгаа” хэмээн О.Баатар гуай сэтгэл зовнингуй ярьсан юм.

Үзэсгэлэнгийн сор болсон үзмэрүүдийн нэг бол Д.Сүхбаатарын Амгаланбаатар хотод авахуулсан гэрэл зараг байлаа. О.Баатар гуай 20-иод жил хайж олсон тус гэрэл зургийг сүүлийн хоёр жил дараалан үзэсгэлэндээ дэлгэж байгаа гэнэ. Хэдийгээр эрдэмтэд Д.Сүхбаатарын гэрэл зураг гэж тогтоогоогүй ч зургийг үзсэн хүмүүсийн 80 хувь нь жанжин мөн гэсэн учраас гэрэл зургийн тайлбартаа “Жанжин Сүхбаатарын ийм нэгэн зураг бидэнд үлджээ” хэмээн бичжээ.

Үзэсгэлэнгээ дэлгэсэн О.Баатар гуайтай цөөн хором ярилцлаа.

- Д.Сүхбаатартай холбоотой эд, зүйлсийг 47 жилийн турш цуглуулан хадгалж ирсэн гэлээ. Цуглуулгаа эхлүүлж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний хүүхэд ахуй насанд тохиолдсон тохиол, учралаар түүний эд зүйлсийг цуглуулах болсон. Амгаланбаатар хотод жанжны нэрэмжит Монголын урлагийн ууган гал голомт байдаг. Харамсалтай нь тэр барилга 1943 онд нурсан юм. Тухайн үед амгаланбаатарчууд уриалга гаргаж, барилгыг сэргээн босгох болоход миний аав, ээж хороонд алба хаадаг байсан. Тэгээд сайн дураараа нэгдэж, би ч найман настай барилгын ажилд тусалсан юм. 1944 онд барилгын ажил дуусч, урлагийн гал голомт сэргэсэн. Нээлтийн үед баярын хурал болж, намайг Сүхбаатарын дүрстэй улаан торгон үнэмлэхээр шагнан энэ хүүд “Жанжин Сүхбаатарын баатар” гэдэг нэр өглөө гэсэн. Тэгээд өнөөх Наваан гэдэг бурхан багшийн хайрласан нэр байхгүй болж, аав ээж бэлэгшээн Баатар гэж нэр өгсөн. Тэр хүүхэд ахуй цагаас л түүнийг хүндлэн хайрлах болж, ээж аав маань энэ хүний үйл хэргийг мартаж болохгүй гэж их захидаг байсан. Анх 1966 онд Д.Сүхбаатарын үйл хэргийг сурталчлахаар хоёрдугаар сургууль дээр ханын сонингоор эхэлж байсан үзмэрүүд маань өнөөдөр 500 хол даваад байна даа.

-Таны адил зөвхөн их жанжны зүйлсийг цуглуулдаг цуглуулагч хэр олон бэ?

-Би сүүлийн 47 жилийн турш тасралтгүй үзэсгэлэнгээ баяжуулж, нийтэд дэлгэсээр ирсэн. Энэ хугацаанд тийм хүмүүстэй таарч, уулзаж байсангүй. Гэхдээ тийм хүмүүс байдаг байх.

-Сүхбаатар нэртэй усан онгоцны зургууд их сонирхол татлаа?

-Түүний нэрээр нэрлэсэн гурван үеийн онгоцны гэрэл зургууд юм. Хамгийн анхных нь 1932 оных. Харин сүүлийнх нь болох одоо явж байгаа Сүхбаатар нэртэй усан онгоцны ашиглалтын хугацаа 2025 онд дуусна. Бусад нь үеэ элээгээд дууссан даа. 1932 оноос өмнө Хөвсгөл нэртэй усан онгоц Хөвсгөл далайд явдаг байсан. Түүнээс хойш их жанжны нэрээр нэрлэх болсон юм. Тэрхүү түүхийг харуулсан гурван үеийн усан онгоцны гэрэл зураг даа.

-Цуглуулгаа хэрхэн бүрдүүлсэн бэ?


-Үзвэрүүдээ худалдаж авна. Мэддэг найз нөхөд бэлэглэнэ. Голдуу л худалдаж авч байсан. Ямар ч байсан би авсан цалин, олсон орлогынхоо 50 хувийг үүндээ л зориулдаг байлаа. Олон жил зөвхөн үүнийг л цуглуулаад, хайгаад, судлаад ирэхээр хүний оюун ухаан хүртэл баяждаг юм байна шүү дээ.

-Үзэсгэлэнгийн ховор, сор болсон үзмэрээ танилцуулахгүй юу?

-Монголд ганц ч гарч байгаагүй анхны медальон байгаа. Жанжны хөрөг бүхий энэ медальоныг “Зоос” гоёл, чимэглэлийн үйлдвэрийн дарга н.Дамбий гэж хүн их жанжны 115 жилийн ойгоор надад дурсгасан юм. Монголд цор ганц байгаа ховор эд. Мөн1920 онд Эрхүү хотноо хэвлэж гаргасан “Монголын үнэн” сонины анхны дугаар миний үзмэрийг чимж байдаг.

-Та цуглуулгаа хаана, хэрхэн хадгалдаг вэ. Хувь хүний цуглуулга учраас хадгалж, хамгаалах тал дээр бэрхшээл гардаг байх?


-Гэртээ хадгална. Бэрхшээл гаралгүй яахав. Сая үзэсгэлэнгээ нээх болоход л маш олон гэрэл зургийн жаазны шил нь хагарч, муудсан байх жишээтэй. Бүгдийг нь шинэчлээд тавилаа. Амаргүй ажил байлаа шүү.

-Үзмэрүүдээ цаашид хүүдээ өвлүүлэх үү?


-Яг ч харж хандаад явна гэсэн хүн одоохондоо байхгүй байна. Хүү маань тусалж дэмждэг ч цугуулгыг арчлаад аваад явах бэрхшээлтэй, хэцүү шүү.

-Музейд үзмэрээ тавих санал тавьж байв уу?


-Саяхан Батлан хамгаалахын их сургуулийн хүмүүст санал тавьсан. Зохих хэмжээний мөнгийг нь өгөөд үүнийг авч болно. Миний олон жилийн хөдөлмөр учраас зүгээр өгөхөд хайран санагдах юм.

Тэрбээр “Дамдины Сүхбаатар бол эх оронч, дайчин хүн. Тийм ч учраас санал асуулгаар ард түмэн дуу нэгтэйгээр түүнийг XX зууны эх оронч хэмээн баталсан. Энэ тухай “Зууны мэдээ” сонины 1999 оны 178 дугаарт гарсан шүү дээ” хэмээн өгүүлэв.

Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү

Г.Даша


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...